МЭНДЧИЛГЭЭ

Манай компани нь Амгалан дулааны станц, Дулааны II, III, IY цахилгаан станцуудад үйлдвэрлэсэн Дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн Ø150...Ø1200 мм-ийн голчтой нийт 379.5 км урттай 14ш магистраль шугам болон 9ш Даралт өргөх насосны станц, Дулаан дамжуулах 3 төвөөр дамжуулан, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2782 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, Хувийн болон улсын орон сууцны конторуудын 11700 гаруй барилга обьектын халаалт, салхилуулга, хэрэгцээний халуун усны 2894.5Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан жилд дунджаар 180-230 Гкал/ц-ийн ачаалал бүхий 400 орчим барилга төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдож байгаа бөгөөд дулаан түгээлт жилдээ 4-7 хувиар өсч байна.

Шинэ хэрэглэгчийн холболт, дулааны шугам тоноглолын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор сүлжээний усан эзэлхүүн жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч шугам тоноглолын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, засвар үйлчилгээ, ашиглалтын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгч дээрхи усны алдагдал бууруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласны дүнд сүлжээний нэмэлт усны зарцуулалтыг бууруулан ажилласан.

2019-2020 оны төвлөрсөн дулаан хангамжийн өвлийн өндөр ачааллыг төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу дулаан хангамжийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг бүрэн дүүрэн хангаж, гэмтэл сааталгүй амжилттай давлаа.

2020 оныг Эрчим хүчний салбарын хэмжээнд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд хийгдэх үндсэн 3 зорилт бүхий ажлын төлөвлөгөөгөө батлалаа.

1.Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд байгууллагын хүний нөөцийг төлөвлөлтийн чиглэлээр хүний нөөцийг идэвхижүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах 

2.Нийгмийн баталгааг хангах чиглэлээр байгууллагын ажиллагсадын үр бүтээл, тогтвор суурьшилтай ажиллах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрны нөхцөлөөр хангах, боломжийг бүрдүүлэх

3.Сургалтаар хөгжүүлэх чиглэлээр байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай