Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжинэ

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Төслийн гол зорилго нь Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх, дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоолуурын системийн үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд  оршино.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам.долларын санхүүжилт бүхий техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэжээ. Зээлийн хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1 хувь байх юм.

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК

2019.12.20