УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК нь Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудын хэрэглээг эх үүсвэрүүдийн хүчин чадлын өргөтгөлтэй уялдуулан дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж ухаалаг дулааны сүлжээ бий болгох, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үндсэн зорилгын хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийг Эрчим хүчний яамтай хамтран 2020-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд  төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яам, Дэлхийн банктай хамтран хийж байгаа бөгөөд 2018 оны 10-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Дэлхийн банкны Байгаль орчны ба нийгмийн хүрээ (БОНХ)-ний шаардлагуудад нийцүүлэхийн тулд төслийн байгаль орчны, нийгмийн үнэлгээ болон бусад төлөвлөлтийн бичиг баримтуудыг 2020 оны 3 дугаар сард бэлэн болгохоор судалгааны дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

  • Сонирхогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө   дэлгэрэнгүй
  • Байгаль орчны ба нийгмийн удирдлагын төлөвлөгөө  дэлгэрэнгүй
  • Ажиллах хүчний удирдлага  дэлгэрэнгүй
  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ ба нүүлгэн суурьшуулах төлөвлөгөө  дэлгэрэнгүй
  • Байгаль орчны ба нийгмийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө  дэлгэрэнгүй
  • Нүүлгэн суурьшуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө  дэлгэрэнгүй
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
  • Худалдан авах ажиллагааны стратеги

Зураг-1 Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд өргөтгөн шинэчлэх 5а, 3г магистралийн схем

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийн I шатанд Дулааны III цахилгаан станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг 5а магистралийн 2Ф800мм голчтой 2.8 км дулааны шугамыг 2Ф1000мм болгох өргөтгөлийн ажил, 5а магистралиар дамжуулан хотын төв, Бага тойруу орчмыг хангадаг 3г магистралийн 1Ф600мм, 2Ф400мм голчтой 1.3 км шугамыг 2Ф700мм болгож өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Эдгээр өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдсэнээр ДЦС-4 ХК-ийн Ф1000мм сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-3-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20000 айлын орон сууц, 30000 хүүхдийн сургууль, 7000 хүүхдийн цэцэрлэг, 10000 ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх юм.