УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН ТӨСӨЛ

Монгол улсын засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хооронд 2019 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээнд Монгол улсыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төслийн гэрээнд УБДС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон ЕСБХБ-ыг төлөөлж Евроазийн дэд бүтэц хариуцсан захирал Екатерина Мирошник нар гарын үсэг зурсан.

Төсөл нь 2020-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, 1.5 сая ам долларын санхүүжилт бүхий техникийн туслалцааг Европын сэргээн босголт хөгжлийн банк олгох юм.

Тус төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндсэний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэхээр зорьж байна.

Тухайлбал төслийн хүрээнд дамжуулах сүлжээний өргөтгөл, дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх, хэрэглэгчийн төлбөр тооцоонд ухаалаг тоолуур ашиглах, дулааны сүлжээний горим ажиллагааны удирдлагыг алсын зайн SCADA системд шилжүүлэх, техникийн хамтын ажиллагаа гэсэн үндсэн 5 чиглэлээр 10 гаруй ажлуудыг хийх юм. Үүнд:

  1. Дамжуулах сүлжээний өргөтгөл.
  2. Дулаан хангамжийн хамрах хүрээг тэлэх
  3. Хэрэглэгчийн төлбөр тооцоонд ухаалаг тоолуур ашиглах.
    • Үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, дулааны энерги, сүлжээний усны зарцуулалт болон температур, усны алдагдлыг хянах, Тоолуурт гарч байгаа гэмтлийг цаг алдалгүй илрүүлэх, дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлийг боловсруулах, мэдээлэл нь үнэн бодит байх цогц шийдэл бүхий систем суурилуулна.Уг систем нь GPRS, 3G, 4G сүлжээ ашиглан мэдээллийг дамжуулж, стандарт протокол, гаралтуудыг (RS485) ашиглан боловсруулалт хийж УБДС ТӨХК-д одоо ашиглаж байгаа төлбөр, тооцооны системийг дэмжиж ажиллах бөгөөд хүний оролцоогүйгээр нэгдсэн системд мэдээллийг цуглуулж хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг автоматаар гаргадаг байхаар зорьж байна.
  4. Дулааны сүлжээний горим ажиллагааны удирдлагыг алсын зайн SCADA системд шилжүүлэх.
  5. Техникийн хамтын ажиллагаа.
    • Төсөл хэрэгжүүлэх дэмжлэг (ТХД), Компанийн хөгжлийн хөтөлбөр, Төвлөрсөн дулаан хангамжийн системтэй хослон ажиллах эрчим хүчний бусад эх үүсвэрийн судалгаа (сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр) хийх зэрэг ажлууд багтах юм.

Хүрэх үр дүн:

Төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээний хуучирч муудсан, гэмтэл доголдол ихээр гарах болсон 8аб, 8вг төв магистраль шугамуудыг өргөтгөн шинэчилсэнээр шугамын ашиглалтын түвшин, төгсгөлийн хэрэглэгчдийн гидравлик горим ажиллагаа сайжирч I, III, IV, X хороолол орчимд шинээр  40 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг хангах техникийн боломж бүрдэнэ.

Мөн 5в-12а магистралийн холбоос 2Ф600 мм-ийн голчтой шугамын ажлыг хийж гүйцэтгэсэнээр ДЦС-3 ХК-ийн ӨДХ-ээс хангагдаж байгаа 12а магистралийн ачааллыг насос станц №1-ийн дараа шилжүүлж ХУД-ийн 11,15 дугаар хороо Удирдлагын академи, Төв цэнгэлдэх, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, Олимп хороолол орчмын дулаан хангамж сайжирч шинээр 90 Гкал/ц дулааны хэрэглээг хангах боломж бүрдэнэ.

Насос станц №2-ийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр Их тойрог болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа VII хорооллын 80-100 Гкал/ц-ийн хэрэглээг хангах техникийн боломж бүрдэнэ.

Шинээр төлөвлөж байгаа дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хамрах хүрээг тэлж, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг эх үүсвэрүүдийн хүчин чадлын өргөтгөлтэй уялдуулан төвлөрсөн дулаанаар хангах  техникийн боломж бүрдэнэ. Үүнд:

д/д/ Хамрах хүрээ Холбогдоход бэлэн барилгын ачаалал,

Гкал/цаг

Цаашид нэмж хангах боломжтой дулааны ачаалал,

Гкал/цаг

Нийт ачаалал,

Гкал/цаг

1 Толгойтын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хангах 2Ф400 мм-ийн голчтой дулааны шугам 25.8 34.2 60.0
2 III, IV хорооллын эцэс, Бичил 7-р хорооллын халаалтын зуухтай газруудыг хангах 2Ф400 мм-ийн голчтой дулааны  шугам 2.8 32.2 35.0
3 БЗД-ийн 10 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар анги орчмын халаалтын зуухтай газруудыг хангах 2Ф400 мм-ийн голчтой дулааны  шугам 5.8 54.2 60.0
Нийт ачаалал 34.4 120.6 155.0

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн горим ажиллагаанд байнга ашиглагддаг 11 томоохон зангилаа цэгүүдийг орчин үеийн алсын зайн хяналт удирдлагын системд холбосноор дулааны сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх, дулааны энерги, сүлжээний усны зарцуулалт болон температурыг хянах боломжтой болох ба горим ажиллагааг богино хугацаанд шуурхай удирдах, өдөр тутмын үйл ажиллагаанд нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх боломжтой болж өртөг зардлыг хэмнэнэ.

Ажлын төлөвлөгөө:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн I шатанд 5в-12а магистралийн холбоос шугам, 8 дугаар магистралийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Бичил VII хорооллын дахин төлөвлөлтийг хангах дулааны шугам шинээр татах ажлыг хийхээр төлөвлөж байна.