УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК нь Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжуудын хэрэглээг эх үүсвэрүүдийн хүчин чадлын өргөтгөлтэй уялдуулан дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж ухаалаг дулааны сүлжээ бий болгох, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үндсэн зорилгын хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл” -ийг Эрчим хүчний яамтай хамтран 2020-2025 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна.

Тус ажлын хүрээнд төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний суурь баримтыг Дэлхийн банкны Байгаль орчны ба нийгмийн хүрээ (БОНХ)-ний шаардлагуудад нийцүүлэн Эрчим хүчний яам болон тус банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Сонирхогч талуудын оролцоог хангах төлөвлөгөө
  • Байгаль орчны ба нийгмийн удирдлагын төлөвлөгөө
  • Ажиллах хүчний удирдлага
  • Нийгмийн нөлөөллийн үнэлгээ
  • Нүүлгэн суурьшуулах төлөвлөгөө
  • Байгаль орчны ба нийгмийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
  • Нүүлгэн суурьшуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө
  • Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө
  • Худалдан авах ажиллагааны стратеги

Хүрэх үр дүн:

ДЦС-3 ХК-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг нийт 51 жил ашиглагдаж байгаа 5а, 3г төв магистраль шугамуудыг өргөтгөн шинэчилсэнээр шугамын ашиглалтын түвшин, нэвтрүүлэх чадвар сайжирч төгсгөлийн хэрэглэгчдийн гидравлик горим ажиллагаа дээшилнэ.

Тухайн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийснээр ДЦС-4 ХК-ийн Ф1000мм сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-3-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20000 айлын орон сууц, 30000 хүүхдийн сургууль, 7000 хүүхдийн цэцэрлэг, 10000 ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх юм.

Ажлын төлөвлөгөө:

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийн I шатанд Дулааны 5а магистралийн 2Ф800мм голчтой 2.8 км дулааны шугамыг 2Ф1000мм болгох өргөтгөлийн ажил, тус магистраль шугамтай хамт явж байгаа Ф250 мм-ийн голчтой уурын шугамын шинэчлэлийн ажил болон хотын төв, Бага тойруу орчмыг хангадаг 3г магистралийн 1Ф600мм, 2Ф400мм голчтой 1.3 км шугамыг 2Ф700мм болгож өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

5а магистралийн одоогийн байдал:

3г магистралийн одоогийн байдал:

Харин төслийн II, III шатанд Дамжуулах сүлжээ болон даралт өргөх насос станцын өргөтгөл шинэчлэл, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд гэр хорооллын бүсэд шинээр шугам татаж төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээний хамрах хүрээг тэлэх мөн төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааны болон туслах үүргийг бэхжүүлэх, гол оролцогч талуудад техникийн туслалцаа үзүүлэх, төслийн менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн нэгжийн чадавхи бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.