Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Д.Бямба-Очир: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА

 “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очиртой ярилцлаа.

Та сайхан зусаж байна уу. Танай компанийн өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлуудаас яриагаа эхэлье гэж бодлоо?
– Манай хамт олон 2017 онд 1 тэрбум 24 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Эрчим хүчний салбарын 2017 оны шилдэг байгууллага,  ТОП-100 аж ахуйн нэгжээр 16 дахь жилдээ тасралтгүй шалгарлаа. Мөн 2017 оны хуримтлагдсан ашгаасаа 800 орчим сая төгрөг гаргаж Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн Хан-Уул дүүргийн салбар, 63-р сургууль, 34 дүгээр сургууль, 4-р хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилга, 12-р цэцэрлэг зэрэг халаалтын зуухтай барилгуудыг төвлөрсөн дулаанд холболоо. Төвлөрсөн дулаанд холбосон бүсэд 7 халаалтын зуух ажиллаж жилд 2500 гаруй тн нүүрс түлж байсныг зогсоосон нь манай хамт олны нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан ажил болсон. Энэ ажлыг хэрэгжүүлснээр 1300 гаруй багш сурагч, 50 гаруй ажилтан албан хаагчдыг тав тухтай орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай нөхцөлийг хангасан.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон ажлуудыг санаачилж эхлүүлсэн байна. Энэ жил шинээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?
– Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүд нүүрс түлдэг бие даасан уурын зуухаар хангахаар төлөвлөгдөж байсныг төвлөрсөн системд холбох тооцоо судалгааг манай инженерүүд хийж, инженерийн шийдлийг гаргасныг Азийн хөгжлийн банк дэмжиж, шийдвэрлэсэн бөгөөд төвлөрсөн дулаанд холбох ажлыг 2018 онд эхлүүлээд байна. Энэ ажил хэрэгжсэнээр Баянхошуу чиглэлд төвийн системд холбогдсон хот болж хөгжих сайхан боломж бүрдэж байна.
Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах тооцоог хийсэн гэж та хэллээ. Хэзээнээс хэрэгжих вэ?
– 2021 он гэхэд Сэлбэ дэд төвийг Амгалангийн станцаас шугам татаж, Сэлбэ гол дагуу яаж холбох вэ гэсэн нарийн тооцоо судалгааг гаргаад байна. Энэ ажлыг Солонгос улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх талаар санал оруулсан, яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа, удахгүй ажил болоод хэрэгжинэ.
– Орон сууцны халаалтыг 5 сарын 15 гээд хаачих юм. Заавал халаалт, халуун усыг хааж, хязгаарлах шаардлага байдаг юм уу?
– Ер нь дулааны шугам өндөр даралт, температурт байнгын ажиллагаатай байх ёстой. Гэтэл зуны улиралд засварт зогсоогоод, усыг нь асгаад байхаар нөгөө шугаманд хүчилтөрөгч хуримтлагдаж зэвэрч эхэлдэг. Энэ нь эргээд шугам тоноглолынхоо ашиглалтын хугацааг богиносгож, найдвартай ажиллагаанд нөлөөлдөг.
Иймд 2017 оноос Улаанбаатар хотын дулааны сүлжээний 20 гаруй хувь буюу 103 км шугамыг зогсоолгүй, байнгын өндөр даралтанд ажиллуулсан.
Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчдийн 30 гаруй хувийг зуны улиралд халуун усаар хязгаарлахгүй хангаснаас гадна хэрэглэгчийг хүссэн хугацаагаараа халаалтаа авах боломжийг бүрдүүлсэн. Тодруулбал аж ахуйн нэгжүүдэд 10 дугаар сарын 1-нд  дулаан залгана, 5 дугаар сард хаана гэсэн хатуу шаардлага тавихгүйгээр, тоолууртай хэрэглэгчид хүсэлт гаргавал хэрэгцээтэй үедээ дулаанаа авах бүрэн боломжтой болж байгаа юм. 2017 оны 5, 6 дугаар сард гэхэд л 350 гаруй хэрэглэгч халаалтаа үргэлжлүүлэн авч, Дулааны III цахилгаан станц 6 дугаар сарын 1 хүртэл 1000 тн/ц сүлжээний зарцуулалттай ажилласан. Улаанбаатар хотын нүүрс түлдэг Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцын хувьд дулааны ачааллыг нэмэгдүүлэх нь хослон үйлдвэрлэл нэмэгдэж 1Квт эрчим хүчний өөрийн өртөг буурах эдийн засгийн үр ашигтай юм.
Энэ жилийн зуны засварын яаж хийхээр төлөвлөсөн бэ?
– Энэ жил хотын сүлжээний 140 км төв шугамыг өндөр даралтанд байнгын ажиллагаанд байлгах зорилт тавин ажиллаж байна.
Өмнөх жилүүдэд дулааны төв шугамын их засварыг 8-10 хоног, зарим тохиолдолд 20 хүртэл хоногийн хугацаанд хийдэг байсан. Энэ зун орон сууцны хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг аль болох бага хугацаагаар хязгаарлаж, засварын ажлыг 4-5 хоногт багтаан хийхээр төлөвлөж, шөнийн цагаар ажиллах бригадуудыг зохион байгуулж байна.
– Бичил зуухнуудыг зогсоож төвлөрсөн дулаанд холбох ажлын явц ямар байгаа вэ?
– 2017 онд Улаанбаатар хотыг тойрсон 5 байршилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 68 уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлсэн. 2018 онд нэмээд 92 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох зорилт тавин ажиллаж байна. Бидний бодлого бол нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудад аль болох хэрэглээ нэмж холбох, төвлөрсөн системийн хүрээг тэлэх чиглэлийг баримталж байна.
Агаарын бохирдлыг бууруулахад өөр ямар технологийн шийдэл байж болох вэ?
– Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд төвлөрсөн системтэй хослон ажиллах байгаль орчинд ээлтэй дунд чадлын эх үүсвэрүүдийг байгуулах, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Шөнийн цагт цахилгааны хэрэглээ эрс багасдаг манай орны хувьд шөнийн бага тарифтай цахилгаанаар дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж хуримтлуулах, өөрөөр хэлбэл усыг 95 градус хүртэл халааж хадгалаад хэрэглээний халуун ус, халаалтын системийг хангахад ашиглах бүрэн боломжтой. Дулаан хуримтлуурын технологийг өөрийн улсын дулаан хангамжийн системд нэвтрүүлэхээр Эрчим хүчний яам, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарсан тооцоо, судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Дулааны техникийн нөхцөл  авахад хүндрэлтэй байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Энэ талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
– Иргэд хэрэглэгчдийн дунд дулааны нөхцөл авахад хүндрэлтэй гэсэн ойлголт байдаг. Гэхдээ бид иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү ил тод нээлттэй байлгах үүднээс дулааны техникийн нөхцлийг 2017 оноос эхлэн цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр 2016 он хүртэл жилд дунджаар 240 орчим техникийн нөхцөл олгож байсан бол 2018 оны эхний 5 сарын байдлаар 470 гаруй хүсэлтийг шийдвэрлээд байна. Бид дулааны нөхцлийг олгохдоо станцын хүчин чадал шугам сүлжээнийхээ нөөц бололцоог харгалзан аль болох боломжтой байдлаар шийдвэрлэх бодлого барин ажиллаж байна.
Орон нутгийн дулаан хангамжийн тохиргоог танай компани өөрийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Энэ ажлын хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
– Тиймээ. Бид хөдөө, орон нутгийн дулаан хангамжийн тооцоо тохируулгыг өөрсдийн санаачилгаар 2017, 2018 онуудад хөтөлбөрт ажил хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд компани өөрийн бүтцэд Орон нутгийн дулаан хангамж хариуцсан 8 инженерийн бүрэлдэхүүнтэй багийг ажиллуулж байгаа. Инженерүүдийн томилолтын зардалд 2017 онд 256 сая төгрөг зарцуулсан байдаг. Хөтөлбөрт ажил хэрэгжсэнээр аймгийн төвүүд Улаанбаатарын дулаан хангамжийн системд ямар шаардлага тавигддаг, тэр хэмжээнд ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Б.Оргил /Өнөөдөр сонин/