Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа

——“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа 3 түгээх төв, 16 ХҮТ-ийн нийт 9200 гаруй барилга обьектыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай ханган ажиллаж байна.

——Эрчим хүчний салбарын түүчээ нь болж яваа тус компанийн ажилсаг хамт олон 2017 онд техникийн нөхцөлийн цахим систем нэвтрүүлж, эдийн засгийн үзүүлэлтээр хэмнэлт гарган ашигтай ажилласан төдийгүй үйлдвэрлэлийн болон тоног төхөөрөмжийн осол авааргүй найдвартай, тасралтгүй ажиллах нөхцөлийг чадварлагаар бүрдүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

——“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь 2017 онд өөрийн хөрөнгөөр 820 сая төгрөгийг Яармаг орчмын сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг төвлөрсөн дулаанд холбох ажилд зарцуулж, халаалтын асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 320 хүүхдийн 63 дугаар сургууль, 180 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-уул салбар зэрэг газруудыг 1 хэсэг болгон 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1030 метр дулааны шугам, 1.2 Гкал/ц хүчин чадалтай орчин үеийн иж бүрэн дулаан дамжуулах төвийг суурилуулж төвлөрсөн дулаанд холбосон.

——Мөн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо 920 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыг холбох 420 метр дулааны шугам, 0.8 Гкал/ц хүчин чадалтай иж бүрэн дулаан дамжуулах төв барих 180 сая төгрөгийн өртөгтэй ажлыг  компанийн өөрийн хөрөнгөөр хийж төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Бодитой үр дүнг гарган хамтран ажилласан хамт олондоо талархал илэрхийлье.