Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “УБДС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

     Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус компанийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил хангасан байдалтай танилцлаа.

     “УБДС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир Эрчим хүчний сайд болон түүний бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн горим ажиллагаа, компанийн техник эдийн засгийн үзүүлэлт, өвөлжилтийн бэлтгэл хангасан ажлын тайлан, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд болон төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр нэвтрүүлэх техник технологи, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хэтийн төлөв,  цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.

     Тус компани 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 44 нэр төрлийн ажлыг 7.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэл 100 хувь байна.

     Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд өөрийн хөрөнгөөр 820 сая төгрөгийг зарцуулж ХУД-ийн 4 дүгээр хороонд байрлах  Нэгдсэн эмнэлэг, 34 дүгээр сургууль, 63 дугаар сургууль, 12 дугаар цэцэрлэг зэрэг 7 газрын 15 барилга объектыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн.

     Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн компанийн үйл ажиллагаатай танилцаад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудыг сайшааж дараах чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд:

♦ Монгол Улсын Засгийн Газрын 258 дугаар тогтоолоор баталсан агаарын орчны бохирдол ихтэй 5 байршилд байгаа 68 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлж, богино хугацаанд зохион байгуулах

♦ Иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын харилцааг сайжруулах, орон сууцны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай ажиллах

♦ Өвлийн оргил ачаалал эхэлж байгаатай холбогдуулан компанийн нийт ажилтнуудын ажлын хариуцлагыг шат шатанд нь дээшлүүлж, хариуцлагатай ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв.