Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК
 

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

     Эрчим хүчний сайд П.Ганхүү 2016-2017 оны өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэлд хяналт тавьж ажиллалаа. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, газар дээр нь үүрэг даалгавар өгсөн юм. Нийслэлийн дулаан хангамжийг хариуцдаг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хувьд энэ өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасныг гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир танилцуулсан. Шугам тоноглолын шинэчлэл, засварын ажлыг шат дараалан хийж байгаа ч, насжилт хэтэрснээс зарим хэсэгт гэмтэл гарч мэдэх байдалд хүрчээ. Тухайлбал, Таван шар орчмын салаалсан шугам 8Д магистраль элэгдэлд орсон учраас өвлийн ид ачааллын үед дулаан алдах аюул бийг хэллээ. Нийслэлийн хэмжээнд 337 км дулааны үндсэн шугам байдгаас өнөөдрийн байдлаар 45 хувь нь элэгдэлд орж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгааг хэлсэн юм.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү “Насжилт хэтэрсэн дулааны шугамуудад өвөл гал алдах магадлал бий. Ийм учраас шугам тоноглолын засвар үйлчилгээнд зориулж төсөв мөнгийг нь шийдэх чиглэлийг Засгийн газар барьж ажиллаж байна. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч, дулаан цахилгааны салбарыг зөнд нь хаяж болохгүй. Иргэдийн амьжиргаа, өдөр тутмын амьдралтай холбоотой учраас бид энэ салбарт гол бодлогоо чиглүүлж байгаа” гэв.

   “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд 2016 онд 200 гаруй шинэ объектыг дулаанд холбосон.  Өмнө нь шинэ барилга объектууд дулаанаа авахын тулд урьдчилж гурван сарын мөнгө төлдөг байсан бол одоо тоолуураар дулааныхаа төлбөрийг хийх зохицуулалттайгаар ажиллана. Цаашид Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг Баянхошуу, Амгалан зэрэг байршлын гэр хорооллыг төвлөрсөн системд холбохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа онцолсон юм.

 

 

ЦАГ АГААР